Баландаа согтоосон цэцэгсийн үнэр нь
Баруунтайх уулын ой нэвт анхилна даа
Багынлаа амраг чамайгаа санахаар, ай хө
Барьсан, тавьсанаа ч мартах л юмаа
Ай даа, ангир үргээгүй намрын
Алтанхан учрал юмсан даа
Хонгортон намирах тариан шагшуурга нь
Хойдох уулыг эмжээрдэн эсгэрнэ дээ
Минийлээ жаахан чамайгаа бодохоор, ай хө
Мэлмий аяндаа л нулимсрах юмаа
Ай даа, тэнгэр бүрхээгүй намрын
Тэргэлхэн учрал юмсан даа
Зуун намрын өвснийлээ ширэлдээг нь
Зүүнтээх уулын салхин самнаж задлана даа
Зүрхнийлээ амраг чамайгаа санахлаар , ай хө
Зүүднийхээ зөнд л баясах юмаа
Ай даа, тогоруу буцаагүй намрын
Тодхончиг учрал юмсан даа
Урамдах бугын ханьсуу дуудлага нь
Урдах уулын цуурайг давж сонсогдоно доо
Уяханчиг амраг чамайгаа бодохлоор, ай хө
Урдаа, хойдын төрөл ч яамай юу даа
Ай даа, манан хөллөөгүй намрын
Мартагдашгүй учрал юмсан даа

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: