Явсан чиг замын урт голдрил дотроос
Яавчиг мартахгүй учрал гэж байдаг даа
Ялгуун сарны сүүн охийг гарнаас тань уусан
Яасан чиг аз жаргалтай үдэш байж вэ дээ
Бөөн цагаан нуур цагаахан далвис нисгэж
Бөөр алаг ангир гангананхан байсан шүү,
Бөрт борхон толгодын дундаас гэгээ ойж
Бүл цоохор оддыг зайг сүлсэн шүү
Бидэрт товцогийн үргэлжлэл болж
Бие биенээ түшинхэн чи бидэн алхсан
Алагхан зүрхний баярт цохилгын хэмээр
Анирт талын судас лугшсан
Ертөнцийн хязгааргүйд уусан нэгдэж
Ертөхгт хөх талаар шөнөжин явсан
Сэвшээнд задарсан үсийг тань үнэрлэхэд
Сэнхийж агь, ганга анхилсан
Үгээр хэлэмгүй аз жаргал гэж байдаг аа
Үүрдийнх биш зуурлынх бол яанам гэж айдаг аа
Тийм зөн бидний хэнд ч төрөөгүй
Тэнгэр тэтгэг, хувь заяа минь төөрөөгүй ээ
Алтанхан ийм л агшинуудаар хэлхэгдэж
Амьдрал биднийг далланхан дууднам уу даа
Бөөн цагааны хөвөөнд чамтай учраагүйсэн бол
Цөөн хэдэн бадгаа хэлхэхгүй л байсан уу даа
Явсан чиг замын урт голдрил дотроос
Яавчиг мартахгүй учрал гэж байдаг даа
Ялгуун сарны сүүн охийг гарнаас тань уусан
Яасан чиг аз жаргалтай үдэш байж вэ дээ

Сэтгэгдэлүүд:
үгээр хэлэмгүй.
Явсан чиг замын урт голдрил дотроос
Яавчиг мартахгүй учрал гэж байдаг даа
Ялгуун сарны сүүн охийг гарнаас тань уусан
Яасан чиг аз жаргалтай үдэш байж вэ дээ...
Яавчиг мартахгүй учрал гэж байдаг даа
үнэн шүү, гэхдээ би бүгдийг нь мартдаггүй ээ гэхгүй юу хэхэ
Uilna gedeg ni ugalzran asgarah uyanga yum.
тийм шүү, хэ, хэ хэ,
Сэтгэгдэл үлдээх: