Уйтгар минь, янаг минь
Урт холын аянд дөрөө нийлээгүй бүсгүй минь
Ундрага нэгтэй салаа горхи, бид
Урд хойд хоёр зүг, бид
Урсаж одох цаг, ирэх мөч, бид
Уяхан инээмсэглэл, тунгалагхан нулимс, бид
Ирэх буцахын зай- нэг л хором хонгор минь
Эгшин гэдэг ч амьдрал янаг минь
Зуун жил, нэг өдрийн ялгаа
Зуосхийх галын адилдаа, бүсгүй минь
Бие биенээ даанч олсонгүй гэж
Бидэн хоёр мэгшихийн учиргүй ээ, хонгор минь
Тааралдахгүй ч байж болох л байсан даа гэх
Таавар төрөхөд ,их айсан даа, бүсгүй минь
Өглөө чанасан цайг чинь гардах хувь
Өгөөгүй ч гэсэн амьдралд би дурладаг аа
Зуун түмэн салаа зам байхад л
Зураг төөрүүлж, харгуйд орхиогүйд баярладаг аа
Уйтгар минь, янаг минь
Урт холын аянд дөрөө нийлээгүй бүсгүй минь
Тэнгэрийн хоёр шарга юм, бид
Тэргэл сар, алтан нар юм, бид
Нэг нь үгүй бол, нөгөө нь үгүй
Нэмэх хасах туйл юм, бид
Нэт мөнхийн амьдралын
Нэгэн агшны уулзвар юм, бид
Даанч богинохон насны аянд
Дайралдсан минь л аз, хонгор минь
Өвсөн түрүүндэх мөнгөн шүүдэр
Үүлэн болж тэнгэрт учирмуй, янаг минь

Сэтгэгдэлүүд:
Өгөөгүй ч гэсэн амьдралд би дурладаг аа
Зуун түмэн салаа зам байхад л
Зураг төөрүүлж, харгуйд орхиогүйд баярладаг аа
Сайхан шүү
зүггүй алсад ганцаараа ч эрх чөлөөг эрээд
зуурдын учралд атаархаж бухимдангуй
зүлгэн дээгүүр хөл нуцгэн баахан алхалаа, нэг л биш ээ ойрд гуниг нэвт байна
Дандаа л . . .
Цайвар шаргал хонгор зүстэй
Хос хоёр төсөөлөгдөөд байлаа
Шууткаа
Сэтгэгдэл үлдээх: