Юм бүхэн өнгөрч оддог гэж үү
Ерийн жирийн үдсэн өдөр хоногууд
Ертөнцөд надад үзэсгэлэнт дурсамж өгнөм
Юм бүхэн өнгөрч оддог гэж үү
Алаг нүдний чинь сормуусанд буудайн тоос
Анхны цас шиг бударч унасан үдэш
Үтрэмийн шаргал туяан доор чамайг анх харсан
Үлгэр болоод үнэн үүрдээр надад оршном
Юм бүхэн өнгөрч оддог гэж үү
Хормойгоо дэвсэж одод тоссон толгодын дундуур
Хорвоогийн хөх зай- тэнгэрийн уудмаар алхалж
Чинийхээ дулаахан гарт хөтлүүлж явахдаа
Чин хайрын үгээн яаж хүргэхээ эргэцүүлсэн
Чимээгүй хөх анирт одоо ч гэсэн уярнам
Юм бүхэн өнгөрч оддог гэж үү
Цэцэг бүхэн дэлгэрэх хавар цагаар
Цээжний гүнээс өөр нэгэн цэцэг хагдруулж
"Хүнийх боллоо би..." гэж чиний минь хэлсэн
Хөрөг зураг цаг үргэлж тодорном
Юм бүхэн өнгөрч оддог гэж үү
Хархан үсэнд минь сор унагаж
Харь оронд шувууд буцавч
Хайрт минь ээ, би чинийхээ гоо үзэсгэлэнг
Хадгалж үлдсэн мөнхийн толь юм шүү
Ааль сайхан насныхаа өнгө тунамал төрхийг
Амраг минь ээ, чи надаасаа асуугаарай
Юм бүхэн үнэхээр өнгөрч оддог гэж үү

Сэтгэгдэлүүд:
Атгаж байсан гараа тавиад яваад л өгсөн хэрэг үү
Өнгөрч одох бүхнийг өнийн мэтээр сэтгэлдээ төсөөлөх нь хүмүүний амьдралын жам буй заа.
хамтдаа өнгөрч одсон 2
бие биетэйгээ хамт л байдаг байх
Сэтгэгдэл үлдээх: